Кантик :)

2020-02-17,
       Кантемир Балагов гэх энэ залуутай анх Теснота киногоор нь танилцаж байлаа. 91 оны 30  хүрээгүй энэ залуугийн хийсэн бүрэн хэмжээний 2 кино болох Теснота 2017 (Давчуу) болон Дылда 2019 (Гозон) нь тус бүртээ л шуугиан тарьж элдэв шагналуудыг түүн, Балагов маань хэвлэлийн "Баатар" болоод буй. 
Оросын кино найруулагч Сокуров нь Орос улсын харъяат Кабардино-Балкарийн Нальчик хотод өөрийн курсээ хичээллүүлэхэд суралцаж төгссөн 20д залуусын нэг ба 5 жил үргэлжилсэн энэ курсын 3-р курсээс нь шууд элсэн орж 2015 онд төгссөн байна.

Түүний дээрх 2 кино нь 2лаа бүсгүйчүүдийн тухай юм. Тэр өөрөө энэ тухай ярихдаа: "Хүнд эр, эм шинж чанарууд аль аль нь бий. Би өөрөө ээжтэйгээ өссөн болоод ч тэр үү, тэдний ертөнц надад их гүнзгий санагддаг. Харин тесторон ханхлуулсан эрчүүд миний сонирхлыг татдаггүй. Гэхдээ би эрэгтэй дүртэй кино хийхээс зайлсхийгээд ч юмуу, зугтаад байгаа юм биш, дараагийн киноны гол дүр маань кавказ эр байхыг үгүйсгэхгүй" гэжээ. Сонирхол татах гэдэг нь мэдээж кино дүрийн хувьд шүү дээ.

Теснота-д ёс заншил, нийгэм болоод хүмүүсийн хоорондын харилцаанд хавчигдан давчдах залуу бүсгүйн тухай, болдогсон бол энэ давчууг урж тасдаад ч хамаагүй эрх чөлөөт байдалд хүрмээр байгаа түүний зөрчил тэмцлийг  хурцаар илэрхийлж харуулсан. Барьцаалагдсан дүүгээ аврахын тулд баян эртэй гэрлэж барьцааны мөнгө олох шаардлагатай болсон эгч, нэг хүүхдийнхээ төлөө нөгөө хүүхдийнхээ эрх чөлөөг золиослохоор шахаж буй эх...тэдний хоорондын төвөгтэй харилцаа, үл ойлголцолын тухай гардаг энэ киноныхоо тухай Балагов "Теснота-ын гол санаа нь дотны хүмүүсээ ойлгодог байх, шаардлагатай бол тэднийг тавьж явуулдаг эр зоригтой байх тухай юм. Заримдаа хэт их хайраар бид хайртай хүмүүсээ боомилж байдаг юм шүү гэдгийг л хүмүүст хүргэх гэсэн" гэж нэгэн ярилцлагадаа дурьджээ. 

Дылда-д дайны дараа амьдралаа босгох гэж ядах бүсгүйчүүдийн дотоод ертөнц, тэмцлийн тухай харуулдаг. Киноны санаагаа Белоруссийн зохиолч Алексиевичийн "Дайн эмэгтэй хүний царайгүй" (орчуулганд сорри инээх гэх номноос авсан ба кино нь дайны тухай гэхээсээ илүү эмэгтэй хүний тухай кино юм. 2 гол дүрийн эмэгтэйчүүдээс гадна их хүчтэй эрэгтэй дүрүүд ч бий: эмнэлгийн тасгийн эрхлэгч, сайн дураараа өөрийгөө үхүүлж буй бүх бие нь мэдээгүй болсон өвчтөн Паша.
Энэ киноны тухай Оросын кино шүүмжлэгч Алла Гербер "Кино бүхэлдээ бараан, харанхуй мэт боловч кинон дахь дүрүүдээс гэрэл түгэж байдаг. Гэрэл хүнээс л түгдэг, эргэн тойронд хичнээн харанхуй байсан ч чи өөрт байгаа гэрлээрээ түүнийг даваад гарах ёстой гэдгийг харуулсан болохоос зүгээр нэг лесби бүсгүйчүүдийн түүх биш юмаа" гэж дүгнэжээ.
Үнэхээр л Ия, Маша 2 нэг нэгнийхээ гэрлээр амьдралаа гэрэлтүүлэхээс өөр зам байхгүйг төгсгөлд нь ойлгодог.  Дылда гэх үг нь өндөр, эв дүй муутай хүнийг нэрлэдэг үг бөгөөд Ия ч үүндээ тохирсон дүйнгэдүү гэмээр цайлган бүсгүй, харин нь Маша сэргэлэн, авхаалжтай бүсгүй бөгөөд киноны турш бусдын гэрлээр амьдралаа гэрэлтүүлэхийг хичээн зүтгэх ч энэ нь талаар болдог. Шинэ кино тул спойлордохгүйгээр ингээд дуусгая баярлах

Кинонууд нь яриа багатай, аль болох харц, хөдөлгөөн, өнгө гэх мэтээр илэрхийлэгддэг, сэтгэл сэрдхийлгэм хурц дүрслэл(Теснота-бодит аллагыг үзэж буй хэсэг, Дылда-хүүхдийг дарж алж буй хэсэг) оруулдаг, киноны үйл явц бараан мэт санагддаг ч төгсгөл нь гэрэлтэй байдаг зэрэг нь түүний онцлог юм болов уу. Мөн жүжигчдээ сонгохдоо хувь хүн талаас нь харахыг хичээдэг ба киноны дүрүүд нь ихэнхдээ алдартай жүжигчид бус дөнгөж карьераа эхлэж буй хэнд ч танигдаагүй жүжигчид байдаг хирнээ чадварын хувьд үзэгчдийн урмыг огт хугалдаггүй. 

Балаговын яриануудыг сонсоход хэдий залуу хүн ч маш их уншсан, боловсорсон, хүчтэй, чадварлаг уран бүтээлч гэдэг нь мэдэгддэг. Нэг талаас түүний багш нь кино үзэх биш, харин маш их уншихыг зааж сургасан, нөгөөтэйгүүр Оросын уран зохиол гэдэг агуу тул дараагийн бүтээлүүд нь улам сайжрах нь баараггүй биз ээ баярлах
бичсэн: Friska | уншсан: 54 удаа | төрөл: Кино
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)