орчуулга

2020-10-02,
Долоо дахь өгүүлэгч. Мураками.

- Тэр давалгаа ч 10-р сарын үд дунд золтой л намайг үгүй хийчихээгүй шүү. Тэгэхэд би 10 настай байсан гэж намуухан хоолойгоор 7 дахь хүн өөрийн түүхээ хүүрнэж эхлэлээ.
Энэ шөнө тэр хамгийн сүүлийнх нь байсан юм. Цагийн зүү 11 дөхөж байлаа. Өрөөнд тойрч суусан сонсогчдыг шөнийн харанхуйгаас зүүн зүгийн салхи үе үе үлээн сэрүүцүүлж байв. Салхи модны навчис сэрчигнүүлэн зөөлөн хүүгэх чимээ гарган хаа нэгтээ нисэн одож байлаа.
- Энэ бол миний өмнө үзэж хараагүй агуу том давалгаа байсан юм гэж 7 дахь үргэлжлүүлэв. - давалгаа намайг арай л хамчихаагүй, гэхдээ оронд нь миний хувьд хамгийн чухал зүйлийг маань нөгөө ертөнц рүү авч одсон юм, үүнийгээ эргүүлж олох гэж мөн ч олон жил үрсэн дээ, буцааж боломгүй он жилүүд.
7 дахь өгүүлэгч 55 орчим насны харагдаж байлаа, туранхайвтар. Өндөр нуруутай, бага зэргийн сахалтай бас баруун нүднийхээ орчим гүн сорвитой аж. Богино засалттай үс нь бага зэргийн бууралтсан харагдана. Хамгийн түрүүнд ярих үедээ эвгүйцэн ичдэг хүний дүр төрх нүүрэнд нь илэрч байв. Энэ төрх нь түүний царайнд удаан хугацааны турш шингэсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тэрээр саарал пиджакны дотуур өмссөн даруухан сорочкон цамцныхаа захыг байн байн засч байлаа. Түүнийг хэн гэдгийг, бас юу хийдгийг хэн ч мэдэхгүй. Бүгд л дуугаа хураан түүний яриаг чих тавин сонсож байлаа. 7 дахь сулавтар ханиалгангаа сонсогчдын анир чимээгүй байдлыг эвдэн яриагаа үргэлжлүүлэв.
- миний хувьд энэ бол давалгаа байсан юм. Та нарт ямар байхыг сайн мэдэхгүйм, гэхдээ тэр гайтай өдөр энэ нь агуу том давалгаан дүрээр миний өмнө гарч ирсэн юм.
Би далайн эргийн жижигхээн хотод төрж өссөн юм, хотын нэр та бүхэнд ямар ч зүйл хэлэхгүй л дээ. Эцэг маань дадлагын эмч тул хүүхэд нас минь ядуу зүдүү байдлаас хол өнгөрсөн. Тэр үеэс миний санаж байгаагаар би К гэдэг ганц сайн найзтай байлаа. Тэр хажууханд амьдарч надаас нэг анги доогуур суралцдаг байсан. Бид ах дүү мэт хамтдаа хичээлдээ явж, хамтдаа тоглон нөхөрлөж, энэ хугацаанд нэг ч удаа муудалцаж байсангүй. Гэхдээ надад дүү байсан л даа, 6 насны зөрүүгээс болоод ч тэр үү бид 2 таарамж муутайгаас гадна тэс өөр ааш араншинтай байсан юм. К туранхай, бараг л охин шиг цагаан царайтай хүү байлаа. Хэл ярианы төрөлхийн гажигаасаа бол үеийнхэнтэйгээ тийм ч их найзалдаггүй байсым. Танихгүй хүмүүст бол хэл ярианы биш оюун ухааны гажигтай хүүхэд гэж харагдахаар. Биеийн хувьд ч тамир муутай, сургууль дээр ямар нэг тоглоом тоглоход байнга л түүнийг хамгаалах хэрэгтэй байдаг байж билээ. Харин би бол эсрэгээрээ, биеийн хөгжил сайтай, спортод дуртай бараг л бүхний түрүүнд гүйж явдаг байлаа. К-ийн хамгийн сайхан чанар нь түүний эелдэг, өрөвч зөөлөн сэтгэл байсан юм. Оюун ухааны ямар ч гажиг байгаагүй ч хэл ярианы гажигаасаа болж ангидаа сурлагаараа сайшаагдаад байх юм байсангүй, арай л гэж бусдыгаа гүйцдэг байлаа. Харин тэр гайхалтай зурдаг. Түүний зургийг багш нар ч хараад хичнээн амьд байгааг нь гайхан шагшдаг байлаа. Зургийн тэмцээнүүдэд ч зөндөө оролцон шагнал авдаг байв. Нилээн нэртэй л зураач болох байсан даа. Түүний дуртай сэдэв нь байгаль. К далайн эрэг дээр ирж далайг зогсоо зайгүй зурдаг байлаа. Би хажууд нь суун түүний харандааны хөдөлгөөнийг дагуулан ажиглаж суудаг байв. Цэвэрхэн цагаан цаасан дээр хэдхэн хормын дотор гайхамшиг бүтээдэг байсан нь намайг гайхшруулан, бас бишрүүлдэг байлаа. Жинхэнэ авьяас юм даа.
Нэг удаа 9-р сард манай хотод хүчтэй далайн шуурга дэгдэнэ гэлцлээ. Радиогоор мэдээлсэнээр бол энэ нь сүүлийн 50 жил тохиолдоогүй тийм хүчтэй шуурга гэнэ. Хүүхдүүдийг тэр дор нь гэр лүү нь явуулж, бүх дэлгүүрүүд хаалга, цонхоо хаан байгалийн гамшигтай нүүр тулахаар бэлтгэж байлаа.
Аав ах 2 маань алх, хадаастай хайрцаг чирэн өглөөнөөс эхлэн цонхны хаалтуудаа хадлаа. Ээж гал тогоонд идэх юм яаравчлан бэлдэж, хувинд ус хадгалж байв. Дараа нь бид үнэтэй гэж болох бүх зүйлсээ цүнхэнд хийчихлээ, юмыг яаж мэдэхэв. Томчуудын хувьд жил жилийн далайн шуурга нь аюул дагуулж мэдэх үзэгдэл төдий л байсан бол, хүүхдүүдийн хувьд энэ нь бодит байдлаас хол, сэтгэл догдлуулсан том үйл явдал мэт санагддаг байсан юм. Үдийн цайны дараа тэнгэрийн өнгө огцом хувьсхийж, жинхэнэ биш мэт өнгөнүүдээр дүүрлээ. Салхи хурдасч, байшингийн дээврийг борооны дуслууд элс мэт цохиж эхэлтэл би дээвэр дээр тэнгэрийг ажин суусан юм. Цонхны хаалтууд хаагдан гэрийг түнэр харанхуй нөмрөв. Гэрийнхэн маань нэг өрөөндөө цуглан радиогоор цаг агаарын мэдээ чагнан суулаа. Бороо нэг их орсонгүй ч хүчтэй салхи хэд хэдэн байшингийн дээврийг хуу татаж бүр нилээдгүй завийг хөмөрчихлөө. Цонхны хаалтыг байн байн хүнд зүйлс мөргөх чимээ гарна. Тэр бүрийд эцэг маань аль нэг хөршийн дээврийн хэсэг гэж таамаглана.
Бид ээжийн бэлдсэн будаагаар хооллон радиогоо мэдээ сонсож шуурга намжихыг хүлээн сууцгаав. Гэвч шуурга намжсангүй. Тосгоны зүүн зүгээс ирж буй шуурга хурдаа огцом хасч, явган хүн алхаж буйн адилаар баруун хойш эргэж байгаа тухай мэдээгээр сонслоо. Салхи хүчтэй салхилсан хэвээр, замдаа таарах юуг л бол юуг авч одоход бэлэн байлаа. Бараг бүхэл бүтэн цаг ийм салхитай байх шиг санагдав. Гэнэт эргэн тойронд аниргүй нам гүм боллоо. Ямар ч чимээгүй...хаа нэгтээгээс шувуудын ганганаа сонсогдов. Аав маань яаралгүйхэн цонхны нэг хаалтыг нээн гудамж руу харлаа. Салхи намдаж, бороо ч зогсжээ. Тэнгэрт тугалган өнгөтэй хүнд бараан үүлнүүд хөвөн байлаа. Бороонд норсон мододын мөчрөөс газарт ус дусална. “Бид одоо шуурганы яг голд нь байна, энэ чимээгүй байдал 15-20 минут үргэлжилнэ, дараа нь ахиад л шуурч эхэлнэ дээ” гэж аав маань тайлбарлалаа. Би ааваас гадаа гарч болох эсэхийг асуухад “болноо, гэхдээ гэрээсээ битгий холдоорой, салхилж эхэлмэгц гэртээ орно шүү” гэлээ. Гадаа гармагц орчин тойрноо ажиглав. Хэдхэн хоромын өмнө энд шуурга болж байсан гэхэд итгэмээргүй нам гүм. Тэнгэр лүү харахад яг миний дээр шуурганы “нүд” намайг үл тоомсорлосон янзтай хүйтнээр ширтэж байх шиг санагдлаа. Мэдээж ямар ч нүд байсангүй, зүгээр л бид шуурганы төвд үүссэн нам гүмд оршиж байлаа. Томчууд гэрээс гарч байшинг шалгаж байх зуур би далайн эрэг орохоор шийдлээ. Замаар нэг салхинд хугарсан модны мөчир хэвтэнэ. Бүр том хүн ч даахааргүй бүдүүн мөчрүүд ч таарч байлаа. Хэдэн хэсэг болсон дээврийн хавтангууд, цаахна нь цонх нь хагарсан машин харагдана. Энэ бүхэн нь тэнгэрээс хэн нэг нь гараа сунгаад сүйтгээд хаячихсан мэт санагдуулж байлаа. Намайг замаар явж байхыг харсан К бас гэрээсээ гарч ирэв. Намайг хаачих гэж байгааг асуун далай руу гэсэн хариулт сонсмогцоо үг дуугүй араас минь дагалаа. Бидний араас К-ийн гэрт байдаг цагаан хав ч дагав. Салхи эхлэнгүүт гэр гэртээ харина шүү гэж би анхааруулахад К толгой дохилоо. Далайн эрэг гэрээс 200м орчим зайтай. Бид юм ярьсангүй явсаар эрэг дээг ирлээ. Өдөр бүр тоглодог энэ эргийг бид гарын 10 хуруу шигээ л мэднэ. Гэвч энэ бүхэн шуурганы төвд тэс ондоо харагдаж байлаа. Тэнгэр болон далайн өнгө, давалгаан чимээ, усны үнэр гэх мэт далайд хамаатай бүхэн шал өөр болчихсон мэт санагдав. Бид хэсэг дуугүй суун энэ бүхнийг ажиглалаа. Шуурганы төвд байсан гэхэд давалгаан түрлэг маш тогтуун, зөөлөн байв.
Харин татлага нь арай хол санагдав. Нүдний өмнө элсэн цагаан эрэг гарч ирч байлаа. Далайн татлагын цагаар ч давалгаа нь ингэж хол татагддаггүйсэн. Энэ үед эрэг хоосорчихсон мэт харагдана, яг л өрөөний бүх тавилгыг нь зөөчихсөн мэт. Далайн түрлэг эрэг дээр янз бүрийн зүйлс гарган хаяж байлаа. Би шидэгдсэн зүйлсийг харахаар эрэгт ойртлоо: тоглоом, углааш, ямар нэг хувцас, модон хайрцаг бас бусад зүйлс. Иймэрхүү зүйлс далайн эргээр нэг тарж худалдааны гудамжны лангууг санагдуулж байлаа. Шуурганы давалгаа их л холоос авчирсан байх даа. Нүдэнд сонирхол татахуйц зүйл тусахад би тэдгээрийг авч үзэж байлаа. К-ийн нохой нь бидний эргэн тойрон дахь зүйлсийг үнэрлэн дагана. Тэнд бид 5 минут л өнгөрөөсөн байх. Тийм, яг 5 минут. Харин нэг анзаарахад бидэн рүү давалгаа дөхөн ирж байв. Ямар ч чимээгүй, яаж ингэж ойрхон ирсэнийг нь би бүр гайхаж ядав. Би далайн хажууд өссөн болохоор ямар нэг аюулын дохиог андахгүй мэднэ. Далайн араншин таашгүй болохоор бид болгоомжлон холоос харахаар шийдлээ. Энд давалгаа хүрч чадахгүй гэдэгт би итгэлтэй байв. Гэхдээ л нэг давалгаа миний хөлд хүрэн алдангаа татрав. Ахиад давалгаа ирсэнгүй. Саяхан татарсан давалгаа аюулгүй санагдаж байлаа. Гэнэт ямар нэг хүйтэн зүйлд гар хүрэх мэт нуруугаар хүйт оргилоо. Энэ бол шалтгаангүй хирнээ жинхэнэ айдас байв. Би айдсаа мэдэрч байв. Тийм байна, тэр давалгаа-амьд! Тэр миний байгааг мөн мэдэрч бүрхэн авахаар зэхэж байна. Яг л том араатан идшээ тандан амьсгалаа түгжсэн мэт.
“Гүйх хэрэгтэй” гэсэн бодол зурсхийв.
Хурдан буцаарай гэж би К руу хашгирлаа. Тэр надаас арваад метрийн зайд доошоо тонгойчихсон юу ч юу харж зогсож байлаа. Би чанга л хашгирах шиг санагдсан ч К огт анзаарсангүй. Олсон зүйлдээ анхаараад сонсоогүй ч байж мэднэ. Ямар нэг зүйл хийхээрээ түүндээ бүрэн анхаарлаа хандуулж орчин тойрноо мартдаг нь түүний хувьд шинэ зүйл биш. Эсвэл би өөрт санагдсан шигээ тийм чанга хашгирч чадаагүй ч байж мэднэ. Өөрийн хоолойг сонсоод хүнийх мэт санагдах үе байдаг даа. 
Тэр үед би нүргээн сонссон, яг л газар доргих мэт. Үгүй юм байна, нүргээний өмнө өөр чимээ сонссон: хөлгүй ёроолоос усны хүчтэй урсгал бургих мэт сонин чимээ. Агшин төдий энэ чимээ асар чанга нүргээн болон хувирсан юм. К толгойгоо ч өндийлгөөгүй хэвээр. Хөл доор буй зүйлдээ тэгтлээ их шимтсэн бололтой. Энэ чимээг сонссонгүй гэж үү? Энэ газар хөдлөх мэт доргилт түүнд мэдрэгдсэнгүй гэж үү? Мэдэхгүй юм даа. Эсвэл би тэр чимээг ганцаараа л сонссон юм болов уу? Сонин л юм, зөвхөн би л сонсож чадах тийм чимээ байна гэдэгт итгэмээргүй, хэн мэдэхэв. К-ийн хажууд байсан нохой ч бас юуг ч анзаарсангүй. Ер нь бол нохой маш соргог амьтан гэдгийг та нар надаар хэлүүлэлтгүй мэдэх байлгүй дээ.
Би К-ийн зогсож байгаа газар лүү гүймээр санагдаж “тэрнийг барьж аваад л гүйх хэрэгтэй” гэсэн бодол толгойд эргэлдэж байв.  Өөр арга байхгүй. Удахгүй давалгаа ирнэ гэж би мэднэ, харин К мэдэхгүй. Бараг ингэж бодож ч амжаагүй шахам байхад хөл маань хэдийн миний бодлыг эсэргүүцэн нөгөө тийш нь залсан байлаа. Би үг дуугүй гүйж байв. Яг тэр мөчид аймшигт айдаст л эзэмдүүлсэн байгаагаа мэдэрч байв, үүнээс болж дуу гарахгүй, бас миний хөл шал өөр зүгт гүйж байх нь тэр. Эргийн хаалтын зөөлөн элс хүртэл гүйгээд эргэн харж К руу:
Болгоомжтой, давалгаа гэж хашгирлаа.
Энэ удаад хоолойгоо сайн сонсов. Нүргэлэх чимээ ч намжлаа. К энэ удаа сонсоод толгойгоо өндийлгөсөн ч…оройтсон байв. Энэ мөчид асар том давалгаа аварга могой толгойгоо өргөх мэт босон ирж далайн эрэг өөд цогнойн байх шиг. Би анх удаа л ийм аймшигтай зүйл харж байлаа. Давалгаа өндрөөшөө бараг 3 давхар байшин шиг байсан байх. Бараг л чимээ аниргүй (би чимээ сонсолгүй бүх зүйлийг нүдээр харж байсан санагдана) давалгаа К-ийн дээр бүрхүүл үүсгэх мэт тогтох үед К юу болоод байгааг ойлголгүй над руу харж зогсов. Дараа нь эргэж хараад ойлгох үед гүймээр санагдсан бололтой ч гүйж чадсангүй, дараагийн агшинд давалгаа түүнийг аль хэдийн залгичихав. Яг л хэр эрчээрээ зүтгэж буй хөдөлгүүр хайр найргүй хамчих шиг.
Давалгаа хамаг хүчээрээ эрэг мөргөөд дэлбэрэх мэт болж агаарт мушгирсаар зогсоолд хүрээд нурлаа. Би бетон хаалтны цаагуур орж амжсан болохоор усны дуслууд л хувцсыг минь норгов. Дараа нь би хурдан зогсоол дээр гарч далай руу ширтэв. Давалгаа буцахдаа аварга том хивсийг далай дээгүүр чирэх мэт долгион үүсгэжээ. Би хичнээн ширтээд К-г ч, нохойг нь ч олж харсангүй. Давалгаа хэдийн замхарч харин би л хөдөлгөөнгүй зогссоор байлаа. Ахиад л нам гүм ноёрхов. Ямар найдваргүй нам гүм-гэнэт л дууг нь хаачихсан мэт. Тэр зуур давалгаа К-г аваад улам л цаашлах мэт. Би юу хийх ёстойгоо мэдсэнгүй. Эрэг рүү буухуу? К тэнд элсэнд дарагдчихсан ч юм билүү…гэхдээ би буусангүй: иймэрхүү хүчтэй давалгаа 2-3 удаа давтагддаг гэдгийг өөрийн туршлагаараа мэдэж байлаа.
Хир их хугацаа өнгөрснийг нь одоо санахгүй байна. Нэг их бишээ, 10 секунд гаран л болсон байх. Жигтэй нам гүмийн дараа яг миний таамагласнаар давалгаа ахин эрэг рүү ирж байв. Яг л өмнөх чимээ нүргэлэн хэсэн чимээ тасарсанаа мөн л нөгөө газраа ахин өндийж босов. Энэ удаад би зутгсангүй. Яг л ховсдуулсан мэт хөдөлж чадалгүй зогсоод давалгаа хэрхэн дөхөж буйг харж байлаа. Тэр нэгэнт К-г авсан бол би одоо зугтах хэрэггүй гэж санагдаж байлаа. Эсвэл зүгээр л айснаасаа болоод хөдөлж чадаагүй ч байж мэднэ. Одоо сайн санахгүй байна.
Хоёр дахь давалгаа эхнийсээ илүү том байв. Яг л тоосгон хана нурах мэт, давалгаа хэлбэрээ өөрчилсөөр миний дээрээс нурах шиг санагдлаа. Давалгаа гэхэд төсөөлөгдөх хэмжээтэй харьцуулахад хэтэрхий том, яг л харь газрын амьтан давалгаа хэлбэртэйгээр хүрээд ирсэн мэт. Намайг залгин авах тэр мөчийг хүлээж нүдээ ч цавчсангүй. Зүрхний цохилтоо л сонсож байснаа сайн санаж байна. Гэвч давалгаа надад хүрээд гэнэт хүч алдан агаарт зогсох мэт болов…нуран унахынхаа өмнө хэдэн мөч хөдөлгөөнгүй болох мэт. Гэнэт давалгаан дунд К-ийн дүрс үзэгдэв. Та надад итгэхгүй байж магадгүй, тэглээ гээд яахав дээ. Би одоо ч болоод өнгөрсөн зүйлд итгэж яддаг, тэр тусмаа тайлбарлах боломжгүй зүйл болохоор.  Гэхдээ энэ бол төсөөлөл биш үнэхээр бодит байсан юм. К-ийн бие давалгаан дунд бүүвэйлэгдэн байх шиг. Тэгээд ч үл барам, К тэндээс над руу инээмсэглэж байв. Би өөрийн нүдээр бараг гар хүрэх зайд давалгаа авч одсон найзыгаа харж байлаа. Би буруу харах боломжгүй. Тэр над руу хараад үнэхээр инээмсэглэж байсан юм. Гэхдээ хүмүүс инээдэг шиг биш, ер бусаар, чихээ хүртэл ам нь ангайсан мэт, харин нь харц нь хүйтнээр над руу чиглэсэн байх нь тэр. Бүр баруун гараа над руу сунгаж байлаа. Яг л намайг өөрлүүгээ татан хамт аваад явах гэж буй мэт. Гэхдээ надад арай хүрээгүй ч ойртох тусам инээмсэглэл нь илүү их болж байв.
Би тэссэнгүй ухаан алдсан.  Ухаан ороход аавын эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Намайг нүдээ нээвүү үгүй юу сувилагч аавыг дуудаж аав ч гялс орж ирлээ. Гар барин авч судас тэмтрээд, нүд харчихаад духан дээр дарж халуун шалгав. Би гараа хөдөлгөх гэж оролдсон ч чадсангүй. Бие халуу дүүгэж тархи юм бодох чадалгүй байв. Халуун буулгүй удсан бололтой. Намайг 3 хоног унтсан гэж аав хэллээ. Намайг гэр лүү болсон бүхнийг холоос харж байсан хөрш маань өргөж авчирчээ. Бас К-г давалгаа аваад одсон, түүнээс хойш хэн ч хараагүй тухай аав маань дуулгав. Би аавд бүгдийг яримаар санагдсан ч хэл хавдсанаас огт хөдөлсөнгүй. Нэг ч үг хэлж чадсангүй. Аманд огт танил бус зүйл орчихсон мэт санагдав. Аав миний нэрийг асуухад нэрээ санахыг оролдсон ч ахиад л ухаан алдчихсан юм. Бүтэн 7 хоног би эмнэлгийн орон дээр зөвхөн шингэн зүйлээр хооллон хэвтлээ. Хэд хэдэн удаа огиж аймшгийн зүйлс санаанд эргэлдэн зовоож байв. Энэ хугацаанд аав санаа нь зовж хүчтэй шокны улмаас өндөр халуурч байгаа нь ухаан санаанд нь нөлөөлөх вий гэж айж байсан. Яаж ч эргэж болох хүнд байдалтай байж л дээ. Бие махбодийн хувьд би хэдэн 7 хоногийн дараа л хэвийн болж амьдралдаа эргэн орлоо. Хоол зүгээр идэж хичээлдээ явж байв. Гэхдээ энэ нь бүх зүйл байрандаа эргэн орсон гэсэн үг биш юм.
К-ийн биеийг хичнээн хайгаад ч олоогүй. Хамт байсан нохой нь ч ор мөргүй алга болсон. Ер нь энд живсэн хүмүүсийг далай хэд хоногийн дараа эрэг рүү гаргаад шидчихдэг байв. Харин К-г л огт олоогүй юм, их том давалгаа түүнийг хязгааргүй далай руу хол аваачсан бололтой. Далайн ёроолд хүрч загасны хоол болсон ч юм уу. Загасчид нилээн удаан хайсан ч ашиг тус ололгүй энэ явдал төгсөв. Цогцос байхгүй болохоор оршуулга ч болсонгүй. Энэ үеэс хойш түүний эцэг эх нь ухаангүй болсон гэлтэй, нэг бол өдөржин далайн эргээр тэнэж, эс бөгөөс гэртээ бүгэн мөргөл үйлддэг болсон.
Гэхдээ тэд ид далайн шуурганаар намайг К-г дагуулж явсан гэж нэг ч удаа буруутгаагүй юм. Биднийг бараг ах дүүс шиг байсныг мэддэг болоод ч тэр юмуу. Миний эцэг эх ч энэ тухай дурсаад байдаггүй байв. Харин би өөрөө л К-г хүссэн бол аварч болохоор байсныг мэдэж байлаа. Зогсож байсан газар луу нь очоод хөтлөн гүйгээд давалгаа хүрэхээргүй газар очиж болох байсан. Бүх зүйл агшин зуур болоод өнгөрсөн ч эргээд бодоход надад хугацаа байсан. Тэгсэн ч би өмнө ярьсан шиг айдаст эзэмдүүлж түүний орхиод зөвхөн өөрийгөө л аварсан. Эцэг эх нь намайг шүүгээгүй болоод ч тэр үү орчин тойрныхон энэ тухай ярилгүй тойрч, би л илүү их шаналж сэтгэлзүйн цочролоосоо гарч чадалгүй удсан. Сургуулиа ч хаяж, бараг юм идэлгүй өдөржийн тааз ширтэн орондоо хэвтэх боллоо. Давалгаан дундах К-ийн биеийг харах үед түүний царайд тодорсон тэр инээмсэглэлийг мартаж чадсангүй. Нүдний өмнө түүний гар намайг дуудаж байгаа нь харагдана. Дугхиймэгц л яг л хүлээж байсан мэт түүний царай, гар зүүдлэгдэнэ. Зүүдэнд К давалгаанаас гарч ирээд бугуйнаас минь барьж намайг авч явахыг оролдоно.
Би ийм зүүд байнга зүүдэлдэг байсан юм. Далайд сэлж байна. Цэлмэг нартай өдөр. Нар тааламжтайгаар нуруу ээн, бие усанд булхана. Гэнэт миний баруун хөлнөөс хэн нэг нь бариад авна. Тэр гар ямар хүйтнийг би мэдэрнэ. Би суллахыг оролдох ч гар их хүчтэй болохоор намайг усны гүн рүү оруулна. Тэнд би К-ийн царайг харж, тэр яг л давалгаан дунд байсан шигээр амаа том ангайн инээж над руу харна. Туслаарай гэж хашгирмаар байвч дуу гарахгүй. Ус залгин залгисаар уушги минь усаар дүүрэхийг мэдэрнэ.
Хар шөнөөр чанга хашгирсаар сэрэхэд хамаг биеийн хөлс цутгаж амьсгаадсан байдаг байлаа. Тэр жилийн сүүлээр би аав ээждээ эндээс явж өөр газар амьдармаар байгаагаа хэлэв. К-г давалгаа авч одсон далайн эрэг дээр би амьдарч чадахааргүй байв, түрүүн хэлсэнчлэн шөнө бүр хар дарж сэрдэг болсон тул эндээс аль болох хол газар амьдарвал галзуурчихгүй байх гэж бодсон. Аав маань миний саналыг дэмжиж би 1-р сард Нагано мужид очоод тэндэхийн сургуульд орлоо. Коморо хотоос холгүй аавын маань эцэг эх амьдардаг байсан болохоор тэд намайг өөрсөд дээрээ авсан юм. Тэнд би дунд бас ахлах сургуулиа дүүргэсэн. Сургуулийн амралтаар ч гэртээ харьдаггүй, аав ээж намайг хаая эргэж ирдэг байв. Би одоо ч Наганод амьдардаг. Их сургуулийн механикийн ангийг төгсөөд үйлдвэрлэлийн механик чиглэлээр ажил орж одоо ч тэндээ ажиллаж байна. бүх хүн шиг л ажиллаж, жирийн аж төрж байна. Та нар харж байгаа биз дээ, надад тийм сонин содон зүйл үгүй. Хүмүүстэй таарамж сайтай биш ч ууланд хамт авирдаг хэдэн дотны найз бий. Өөрийн хотоос яваад хар дарахаа бараг больсон. Гэхдээ л болоод өнгөрсөн зүйл намайг тайван орхиогүй: хааяа нэг, татварын байцаагч өөрийгээ сануулж хаалга тогших мэт. Яг л бараг мартахын даваан дээр нөгөө л зүүд. Ахиад л шөнө дөлөөр хар даран хашгирч хамаг хөлсөнд нойтон болсон орондоо сэрнэ.
Магадгүй, ийм болохоор л гэрлээгүй байх. Шөнийн 2-3 цагт хэн нэгнийг орилж сэрээмээргүй санагдсан. Би хэд хэдэн эмэгтэйтэй болзож байсан ч, хэнтэй нь ч хамт шөнийг өнгөрүүлээгүй юм. Ясанд минь шингэсэн айдсыг хэн нэгэнтэй хуваалцана гэдэг огт санаанд багтамгүй зүйл.
Ингээд 40 гаран жил өнгөрөхөд би нөгөө далайн эрэгт ахин очоогүй л байлаа. Зөвхөн тэр эрэг ч биш, ер нь далай руу зүглээгүй юм, нөгөө л хар дарсан зүүд биелэх ч юм шиг санагдаад. Сэлэх дуртай байсан ч бассейнд очихоо больсон. Гол, нуур тэр бүү хэл усан онгоц завьнаас ч дөлөх болсон. Бас онгоцоор нисээгүй. Өөрийн живж үхэх айдастайгаа л зууралдсаар. К-ийн зүүдэнд үзэгддэг хүйтэн гар миний ухамрсарыг иймэрхүү байдлаар бүрэн эзэмдсэн юм.
Тэр явдлаас хойш өнгөрсөн хавар анх удаа нөгөө эрэгт очлоо. Жил гаруйн өмнө аав маань хорт хавдраар нас барсан юм. Ах маань өмч хуваахын тулд манай байшинг зарж, миний хүүхэд ахуйн зарим нэг зүйлсийг над руу шуудангаар илгээв. Хэрэгтэй хэрэггүй тэр зүйлсийн дундаас би К-ийн надад бэлэглэж байсан хэдэн усан будгаар зурсан зургийг оллоо, аав ээж маань дурсгал болгож хадгалсан байх. Айснаасаа болоод амьсгал боогдох дөхөв. К-ийн сүнс тэр зургуудаас гарч ирээд миний өмнө зогсож байх мэт. Тэднээс хурдан салахын тулд буцаан цаасанд нь боож хайрцаглав. Яагаад ч юм хаяж зүрхлээгүй. Хэд хоног эргэлзсэний дараа нөгөө зургуудыг ахин гаргаж үзлээ.
Бараг бүх зурган дээр өнөөх л танил дүр зураг: далай болон далайн эрэг, ойн төгөл ба тосгон яг түүний хэв маягаар зурагджээ. Гайхалтай сайн хадгалагдсан болохоор яг л хуучин ямар сэтгэгдэл төрүүлдэг байсан нь тэр хэвээр. Тэднийг хүссэн хүсээгүй ширтэх тусам л сэтгэлд маань дотно дурсамжууд сэргэж байв. Миний санаанд үлдсэн дүр төрхтэй харьцуулахад эдгээр дүрслэл хамаагүй амьд байлаа. Харах тусам бяцхан К маань ямар зүрх сэтгэлтэй байсныг, ямар нүдээр бүхнийг хардаг байсныг мэдрэх шиг. Зураг бүрийг нарийвчлан үзэнгээ, бид 2 хэрхэн хамт цагийг өнгөөрөдөг байснаа тод санаж эхлэв. Тэнд бас миний хүүхэд насны нүдээр харсан зүйл ч байх мэт, цэвэр тунгалаг бас амьд нүдээр бүхнийг хардаг байж. Үүнээс хойш ажлаа тарж ирээд л тэр зургуудийг ширтээд суудаг болов. Тэр зургуудыг эцэс төгсгөлгүй хараад л байна. ой санамжаас минь хэсэг хугацаанд арчигдсан хүүхэд насны минь дүр зургууд. Зургуудыг ширтэх тусам ямар нэг зүйл миний дотор нэвтрээд байх мэт.
Ийм маягаар яг 7 хоног өнгөрсөний дараа би ямар их төөрөлдөж байснаа гэнэт ойлгосон юм. Тэр үед давалгаан дээр хэвтэж байсан К намайг жигшиж үзэн ядаагүй, тэр тусмаа өөр лүүгээ татаж авахыг огт хүсээгүй юм байна. Яагаад ч юм надад л тэгэж санагдаж. Тэгэхэд К аль хэдийн ухаангүй болсон байсан эсвэл зүгээр л над руу инээмсэглэж салах ёс гүйцэтгэсэн байх нь. Үзэн ядалт гэж миний бодсон нүүрний хувирал нь миний айдсын илрэл байж. К-ийн усан зургуудыг харах тусам би энэ бодолдоо улам итгэлтэй болж байв. Тэдгээр зургуудад хиргүй тунгалаг сэтгэлээс өөр зүйл байсангүй.
Дараа нь би нилээд удаан хөдөлгөөнгүй суулаа. Нар жаргаж өрөөнд бүүдийн харанхуйлж удалгүй гүн шөнийн чимээгүй нөмөрлөө. Энэ шөнө их удаан өнгөрөх шиг санагдсан ч харанхуйг тэвчихийн аргагүй болох үед үүр цайж эхэллээ. Үүрийн гэгээ туяарахтай зэрэгцэн шувуудын жиргээ сонсогдов.
Хот руу буцаад очих хэрэгтэй, аль болох хурдан гэж би бодлоо.
Яаравчлан явах зүйлээ бэлдэн цүнхлээд ажил руугаа ярьж яаралтай явах хэрэгтэй болсон гэж чөлөө аваад галт тэргэнд суучихлаа.
Хот маань миний дурсамжинд үлдсэн шиг далайн эргийн намуухан хот байхаа больжээ. 60-д оны эдийн засгийн өсөлтөөс болж үйлдвэрийн хот болсон байв. Станцын урд талын бэлэг дурсгалын зүйлс зардаг байсан гудамж урт гээчийн худалдааны гудамж болж ганц кинотеатр байсан нь томоохон супермаркет болж хувирчээ. Манай гэр ч алга болж, намайг ирэхээс хэдхэн сарын өмнө тэр хавийг нураан ачсан болохоор эзгүй талбай л үлдэж. Цэцэрлэгт байсан моднуудыг бүгдийг нь хөрөөдөн авсан тул хаа нэг хар газраас ногоон өвс л цухуйсан үзэгдэнэ. К-ийн амьдарч байсан байшин ч алга. Оронд нь асфальтаар хучсан төлбөртэй машины зогсоол бий болж хэд хэдэн эгнээгээр автомашин болон автобуснууд зогссон харагдав. Би ч тийм сэтгэл хөдлөл ихтэй хүн биш болохоор энэ хот аль хэдийн миний хот байхаа больсныг ойлголоо.
Далайн эрэг рүү очиж хэнд ч захирагддаггүй далайн ус байнга мөргөдөг эргийн хаалтан дээр гарлаа.  Эрэггүй далай. Холгүйхэн далайн хязгааргүй гадаргуу. Яг л нөгөө дүр зураг, нөгөө л элс, далайн түрлэг давалгаалан хүмүүс хаалтан дээгүүр алхална. Үдийн 5 цагийн нарны туяа орчин тойрныг ээж байлаа. Бодолд дарагдан яаралгүйхэн туяа цацруулан жаргах мэт. Элсэн сууж цүнхээ хажуудаа тавиад энэ дүр зургийг чимээгүй ажиглаж эхлэв: тээр жил яг л энд шуурга дэгдэж миний хамгийн сайн найзыг далайн давалгаа авч одсон гэж итгэхэд бэрх нам гүм.  Тэр цагаас хойш 40 гаруй жил өнгөрч энэ тухай санан дурсан хүн ч үлдээгүй байх. Яг л хуурмаг үзэгдэл үү гэлтэй.  Нэг мэдэхэд миний сэтгэлд тэр цагийн дурсамжийн хар бараан хэсэг үгүй болчихжээ. Яг л гэнэт ирсэнээ гэнэт алга болсон мэт. Би босоод эргийн хаалт руу хүрч очлоо. Өмдний шуумгаа ч эргүүлэлгүй гуталтай чигээрээ хөлөө унжуулан далайн давалгаа хүлээх мэт суув. Яг л хүүхэд ахуйнх шиг давалгаа түрэн ирж өмд гутал норгон харлуулах нь зүрх хөндүүрлүүлэм. Хажуугаар өнгөрөх хүмүүс намайг гайхсан аятай харна, гэхдээ би тоосонгүй. Ийшээ ингэж эргэн ирж зүрхэлтлээ хичнээн жилийн өнгөрүүлсэн билээ дээ.
Тэнгэр лүү ширтэхэд жижигхээн саарал үүлс харагдав. Хөвөн таслаад тавьчихсан аятай. Бараг салхигүй болохоор үүлс ч байрандаа гацсан мэт. Яаж илэрхийлэхээ сайн мэдэхгүй байна, гэхдээ тэр үүлсийг яг л надад зориулаад тэнд тавьчихсан шиг санагдаж байлаа. Багадаа шуурганы нүдийг олж харах гэж яг ингээд тэнгэр лүү ширтдэг байсансан. Цаг хугацааны тэнхлэг нуран унаж 40 гаруй жилийн хугацаа яг л хуучин илжирсэн байшин мэт нуран уналаа. Хуучин болон шинэ цаг хугацаа нэгдэн нийлж орчин тойрны чимээ алга болж гэрэл анивчих мэт санагдлаа. Би ганхан гуйвж ирж айсуй давалгаанд уначихав. Цээжний гүнд зүрх цохилж, гар хөлөө мэдрэхээ болилоо. Босож чадалгүй нилээн хэвтэв. Гэхдээ би огт айсангүй. Айх зүйл ч байсангүй, бүгд өнгөрсөнд үлджээ.
Энэ үеэс хойш би ахин хар дарж зүүдлэсэнгүй, шөнө дунд хашгиран сэрэхээ больсон. Одоо амьдралаа өөрчилж бүхнийг шинээр эхлэх санаатай байна. мэдээж бүгдийг шинээр эхлэхэд багадах цаг хугацаа үлдсэн л дээ. Гэхдээ би өөрийгөө аварч чадсандаа, айснаасаа болж орилсоор бүх амьдралаа дуусгаагүйдээ баяртай байдаг.
7 дахь хүн биднийг тойруулан харав. Хэн ч юм дуугарсангүй, тэр бүү хэл амьсгалах ч чимээ сонсогдохгүй байв. Бүгд хөдлөлгүй сууж үргэлжлэлийг хүлээнэ. Салхи ч намжиж гаднаас чимээ үл дуулдана. Мань эр үгээ хайх мэт захаа засаад ингэж хэллээ:
- Миний бодлоор бидний амьдралд хамгийн аймшигтай зүйл бол айдас биш. Айдас үргэлж л бидэнтэй зэрэгцэн амьдарч дүрээ хувиргаж заримдаа амьдралыг маань там болгож байдаг. Хамгийн аймшигтай зүйл бол энэ айдас руу нуруугаа харуулж нүдээ аних. Ингэсэн үедээ бид ЮУНД Ч юм хамгийн үнэт зүйлээ алдаж байдаг. Миний хувьд энэ бол ДАВАЛГАА байлаа.


2020.10.02
бичсэн: Friska | уншсан: 97 удаа | төрөл: Ном зохиол
(5) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

тэврэлт
бичсэн bayasum цаг: 23:28, 2021-02-02 | Холбоос | |
дашрамд, робин вилиамсын тоглосон final cut дээр нэг иймэрхүү юм гардаг шд
бичсэн Зочин цаг: 15:09, 2020-10-09 | Холбоос | |
орчуулга 10 жил үргэлжилсэн болохоор ялгаа бий байхаа, уншиж сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа
бичсэн Friska цаг: 12:05, 2020-10-08 | Холбоос | |
ямар нэг юмыг ингэж шимтэж уншаагүй удсан байна шүү
бичсэн dao цаг: 11:54, 2020-10-07 | Холбоос | |
Сонирхолтой...
бичсэн Зочин цаг: 14:44, 2020-10-05 | Холбоос | |



:-)