кино кино кино

2014-06-23,
Охиноо хөдөө явуулчихсан, хичээл амарчихсан, ажил багахан..бөөн зав зай, хагас бүтэн сайн болонгуут хөшөө болтлоо кино үзлээ. Ном уншихаас залхуураад, бас ганц хоёр орчуулга хийж мөнгө олсон, үрсэн баярлах

Энэ удаад баахан Орос кинонууд л үзлээ, сабгүй үзэхэд гоя байдаг юм. Голлох 2 найруулагч: Звягинцев, Лунгин.
Number one бол яах аргагүй Звягинцев…бараг л дурлалаа энэ хүнд. Оростоо бол масс нь мань эрд дургүйдүү юм шиг байна, Оросын хамаг муу муухайг барууныханд харуулж нэр нүүр олж авч байна бла бла бла. ОРТ-р 2013 оны 12 сард гарсан Познер нэвтрүүлгээр орсон ярилцлагыг нь үзлээ. Познер хэдийн сэтгүүлчийн хувьд нэр хүндтэй нөлөө бүхий том хүн ч мань эрийн нэг ч кино үзэлгүйгээр киноны тухай ярина гэж урьчихаад баахан эх оронч асуултуудаар дайрах, давших маягтай байсан нь надад ч гомдолтой санагдав. Манай хүн харин нэг их эгдүүцэлгүйгээр үнэн голоосоо ярилцаж байгаа нь таалагдав. Оросын нийгэм, хүний мөс яаж нимгэрч, юухан хээхэн дээр хугарч нугардаг болсонд чин сэтгэлээсээ эмзэглэж явдаг санагдав. Уг нь ердөө л нэг зүйлийн нөгөө талыг харуулдаг хүн шүү дээ, миний хувьд бол бодит байдалд бүр ч ойрхон тал нь. Юун Холливуудын пицца шиг кинонууд, жинхэнэ далайн хоол шүү дээ, гэвч зарим хүн үнэрээр нь огиудас хүрдэг нь харамсалтайн, биед хичнээн сайн билээ дээ. Миний хувьд түүний Елена болон Изгнание кинонуудыг л үзсэн. Сайн найруулагч гэж боддог, энэ жилийн Каннаас Левиафан киногоороо шагнал авсан нь бүр  ч сайхан. 
Дараагийн найруулагч Лунгин. Бодио Дирижерийг үзсэн үү гэж асууснаас л хамаг юм болсийн. Дирижерийг ч үзлээ, таалагдлаа. Ахиад Островыг үзлээ. Энд тийм хар бараан гэхээр зүйл байхгүй, илүү шашинлаг тал руугаа. Остров Ким кидукийн хавар, зун, намар өвөл ахиад хаварыг санагдуулсан, гэхдээ мэдээж шашин нь өөр шүү дээ. "Уйтгартай" ч утга учиртай, дараа нь санаанаас гардаггүй кинонуудад дуртай бол, артхаус чиглэлийн бүтээлүүдийг сонирхдог бол энэ 2 найруулагчийн кинонуудыг сонирхоход тун ч гэмгүй шүү.
Нэмээд, жоохон бараан тал руугаа кино үзэхээс айдаггүй бол Сигаревийн Волчок, бас Жить. 
бичсэн: Friska | уншсан: 379 удаа | төрөл: Кино
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)