2-р шатны материал

2008-05-17,
Буддизмыг сурталчлах нь буюу рекламдах шаардлагагүй нь үнэн...

“Сүсэг бишрэлийн мөрөөр” тэмцээний 2-р үе нь өөрсдийн шашнаа бусдыг “мунхартал”, өөрийн зам мөрийг олж чадаагүй хэн нэгнийг дагаж ортол нь рекламдаж, ухуулах юм байна. Уг нь бол шашин, бараа үйлчилгээ 2 адилгүй баймаар...гэхдээ нэгэнт усыг нь уувал гэдэгчлэн тэмцээнд оролцож байгаа болохоор энэхүү бэрх даалгаврыг хийхээр чармайлаа...

Саяхан манай “Буддизмын нэгдүгээр баг” гэсэн сэдэв дээр Реднекс гишүүн сонирхолтой асуулт тавьсан байсан л даа... Буддизм бидэнд яг юу өгөх вэ? гэж... Тиймээ үнэхээр энэ шашинг итгэж дагаснаар та энэ бүхнээс юу олох вэ? Хонжворт сугалаанаас машин хожих эсвэл, нүгэл бүрээ нэг их өгөөмөр бурхнаар наминчлуулах эрхийн бичиг, бүр Реднексийн асуусан шиг компьютерийн эсвэл англи хэлний дамжаанд явах эрхийн бичиг лав олгохгүй... ер нь энэ шашин таньд юу ч өгөхгүй. Зөвхөн таньд зөв амьдрах, амар амгаланг олох арга замуудын талаар л зааж зөвлөх болно. Үлдсэн нь таны хүчин зүтгэл чармайлттай л холбоотой асуудал. Энэхүү зааж сургах арга зам зам мөр тийм амар ч биш. Хэцүү санагдвал та дагах ч албагүй. Тэрний оронд арай илүү өгөөмөр аль нэг “бурхан” дээр очиж өдрийн хоол, өл залгах будаа гурилхан авч Ертөнцийн цорын ганц эзэн болон түүний хүүгийн талаар хангалттай яриулж болно... энэ нь ч илүү хялбар.Угаасаа үнэнийг таних гэдэг амар зүйл биш.Үй олон шунал хүсэлдээ хууртагдалгүй амьдрах гэдэг ч ховорхон тэвчээр.
Зөв амьдрах арга зам гэж юу вэ? Яагаад одоогийн бидний амьдрал буруу гэж? Буддизмд үзэхдээ хүн энэ амьдралыг ойлгож таних бодитоор мэдрэхэд маш олон зүйлс саад болж байдаг гэж үздэг.Чи нэгэнт хүн болж төрснийх өлсөхгүйн тулд идэж, даарахгүйн тулд хувцаслаж, байшин худалдан авч амьдралаа зугаатай болгохын тулд секс хийж, архи уух хэрэг гардаг. Гэхдээ яагаад амьдралын ийм өчүүхэн зүйлст гэтэл чи ийм их цаг гаргана вэ? Өөрийнхөө амьдралын талаар эргэцүүлэн бодох амьдралын мөн чанар эцсийн зорилгын талаар чи хэр их боддог билээ? Гэтэл мөнгө олох, албан тушаал дэвших тухай чи хэр их боддог билээ? Хүмүүс ихэнх нь энэ амьдарлыг юу болохыг таниагүй байж амьдраад л байдаг... Амьдралын мөн чанарын талаар бодож эргэцүүлэлгүйгээр нэгэн хэвийн амьдралаар амьдарсаар хүмүүс насаа элээдэг.Тэгэхээр чи амьдарч эхлэхийн тулд энэ амьдралыг юу болохыг таних хэрэгтэй. Тэгэж чадаж байж чи амьдарч буй хэрэг.Ингээгүй байж амьдарч байна гэж ярих эрх бидэнд бий гэж үү? Ердөө адгууснаас л ялгаагүй хэрэг биш үү? Биднийг амьдралыг танихад юу саад болж байна вэ? Шунал хүсэл. Эгээ л Одиссейн гэртээ хүрэх их аянд таардаг дуулахыг нь сонссон хүн бүхнээ умартаад тэнд үлдэчихдэг дууч дагинуудтай адилаар шунал хүсэл биднийг хууран зөв замаас нь гажуудуулдаг.
Чи аливаад шунаж тэмүүлж түүнийг өөрийн болгохын төлөө хамаг оюун ухаанаа шавхдагаас болоод эргэн тойрноо бодитоор тусгаж авдаггүй. Угтаа бол ямар ч хэрэггүй, мөнх бус зүйлст ач холбогдол өгсөөр чиний амьдрал нэг л мэдэхэд дуусдаг. Бид даарахгүйн тулд л хувцасладаг биш гэж үү? Гэтэл яагаад хүмүүс хамгийн үнэтэй арьсаар хийсэн дээл өмсөхийг хүсдэг вэ? Хүн өлсөж үхэхгүйн тулд л хооллох ёстой байтал яагаад хамгийн ховор амттанг идэхийг хүснэ вэ? Түрхэн зуурын таашаалд хууртсандаа л хүмүүс ингэдэг.Гэтэл яг үнэндээ хөдсөн дээл торгон дээл 2-т ямар ч чанарын ялгаа байхгүй гэдгийг хэн ч олж харж чаддаггүй. Таашаал ханамж гэж өөрөө юу юм бэ? Ердөө л түрхэн зуур үзэгдэх зэрэглээ биш гэж үү? Энэ мэтээр хүн амьдралдаа түмэнтээ төөрөлдөж байдаг.
Буддизмийг сонирхон судалж өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж эхэлсэнээр та энэ мэт төөрөгдөлөөс бага багаар ангижирч эхлэх болно.Юмс үзэгдэлийн хэлбэр дүрс өнгө үзэмж амтаар бус мөн чанараар нь танин мэдэж эхлэх болно. Ингэснээрээ та урьд урьдийнхаас илүү тайван амгалан амьдарч эхлэнэ.Амьдралын мөн чанарыг ойлгон ухаарч ямар замаар яваа, хаана хүрэхээ мэддэг хүн болж төлөвшинө.Бидний замд тааралдах үй олон сатааруулагчдыг анзааралгүйгээр тэдэнд хуурталгүйгээр замаа туулах болно.

Бид бүхэн өөрсдийгөө оюун ухаантай дээд төрөлтөн мэтээр ярилцдаг. Гэтэл бид өөрсдийн бодлоо захирч чаддаг билүү? Та чадна гээд дотроо бодож сууж байгаа байх... Тэгвэл та 5 минут юу ч бодохгүй байх гээд оролдоод үз дээ? Тийм амар байхгүй л болов уу? Ийм байж бид оюун ухаант иргэншсэн хүмүүс гэж ярих утгагүй хэрэг биш гэж үү? Нэгэнт хэрэгтэй хэрэггүй үй олон бодлоо тархинаасаа таягдан хаяж зөвхөн хэрэгтэй зүйлс, сайн зүйлсийг бодож сурах арга зам нь бясалгал юм. Хүн бясалгал хийж заншсанаар өөрийн оюун ухааныг удирдаж зөв зүйлийг бодож тунгааж өөрөө өөрийгөө танин мэдэх боломжтой болдог. Бясалгалын хамгийн дээд үр дүн бол гэгээрэх юм. Будда ч 7-н жилийн турш хүн бэрхээр бясалган суусаны үр дүнд гэгээрэлд хүрч чадсан билээ. Тэгвэл бясалгах гэдэг нь яг юу вэ?

«Бясалгал» хийх гэдэг нь бие сэтгэлээ буяны зорилго дээр тогтоож, тvvнд дадан дасах үйл явц, өөрөөр хэлбэл сэтгэл санаа, оюун ухаанаа нэгэн үзүүрт сэтгэлээр номхотгон барьж, удирдан чиглүүлэх аргад суралцах явдал юм.
Санасан утга, хэргийг сэтгэлдээ дахин дахин санан, жишин ухаарч, сайтар магадлан бариад түүндээ дадах ухаан болой хэмээн судар шаштирт өгүүлсэн байдаг.
Бясалгал бол өөрийгөө улам гүнзгий таньж мэдэх гэсэн оролдлогын зам юм. Энэ бол сэтгэл санааны илvv боловсронгуй түвшинд хүрэх боломжийг бидэнд олгох ба өөрийнхөө ойлголтыг сайтар ухан мэдэх арга юм. Бясалгал нь хүмүүсийн бүтээлч чадварыг дээшлүүлэхээс гадна, өөрийн дотоод ертөнцдөө нэвтрэн орж өөрийгөө танин мэдрэх, хянах чадвар зэрэгт эерэгээр нөлөөлдөг. Ер нь бидний ойлголт бол оюун ухааны түвшинд байдаг. Энэ бол дүрслэн тогтоосон шинжтэй байдаг.
Тиймээс бид энэ ойлголтыг дотроо гүнзгий лавшруулж, өөрийнхөө нэг хэсэг болтол нь сайтар мэдчихвэл өөрсдөө зvгээр л тэр ойлголт болно. Ингэхийн тулд л бидэнд бясалгал хэрэгтэй.
Буддын шашинд бясалгалын аргаар танин мэдэхvйн өндөр чадамжийг олж болохыг сургаад тэрхүү өндөр дээд боломжийн бодит байдлыг “Егүзэрийн илт” гэнэ.
Егүзэрийн илт нь дөрвөн илт мэдлийн нэг нь бөгөөд өөрийн эзэнт нөхцөл болох амирлан ахуй хийгээд үлэмж үзэхүй хоёрын хослон барилдсан (хосмол) дияан бясалгалд тулгуурлан үүддэг, өөрийн оногдохууныг элдэв буруу төсөөллийн дүр байдлаас ангид байдлаар танин мэддэг, эндүүрлээс хагацсан, “болгоогч” оюуны хэлбэр юм. Жишээ нь аливаа бодитой юмс үзэгдлийн хувиран өөрчлөгдөх мөнх бус чанарыг онох /танин мэдэх/ гэх мэт.
Бясалгалын талаар буддын шашинд болон энэтхэгийн гүн ухаанд тайлбарлахдаа гэгээрэлд хүрэх замын эхлэл гэж хэлсэн байдаг. Төвд болон зуун омнод Азийн орнуудын буддын шашинтай ард түмэн бясалгалыг тодорхой утга санааг илэрхийлсэн геометр хэлбэртэй биет зүйлийг ашиглан мөргөлийн үг хэлэн хийж байсан. Бясалгалын тодорхой нэг хэлбэрүүдээс хамгийн өргөн тархсан нь даяан буюу буддийн шашинд түүнийг йог гэж нэрлэсэн байдаг. Даяан гэсэн санскрит үгнээс японы шашны бүлгийн Зэн нэр ч бас үүссэн байна.

Бясалгал нь үндсэндээ 2 янз байдаг.
1)Таниж мэдэж болох буюу хүн тодорхой нэг бодит биет зүйлийн талаар эрэгцүүлэн бодох
2) Хүн бодит орчноосоо тасарсан танин мэдэж болохгүй хий хоосон зүйлийн талаар дүрслэн гүн сэтгэх . Энэ төрлийн бясалгалыг амьдрал дээр хийхийн тулд хүний зүгээс биеэ урьдчилан хөгжүүлэн бэлтгэж тодорхой хөгжлийн түвшинд хүрсэн цагт л хийх шаардлагатай байдаг.

Бясалгал хийхэд бие сэтгэлээ хэрхэн бэлтгэх вэ?
Бясалгалаас ямар үр дүн гарах вэ гэвэл:
- Сэтгэлийг тогтвортой хатуужил тэвчээртэй болгох ба тэгсэнээр амарлингуй, тайван, хүлээцтэй болно.
- Оюун ухаан хөгжснөөр эмх цэгцтэй сэтгэн бодох ба сэтгэхүйн ерөнхий чадвар нэмэгдэнэ. Эдгээр үр дүн нь ерөнхий гарах үр дүн юм.
Ухаан санаагаа нэгэн үзүүрт тогтоон барьж бясалгал үйлдэхэд суудлыг зөв зохистой бэлтгэх, биеийг зөв байрлуулах нь маш чухал. Суудлыг биед тохируулсан байх ба “Намнан-Чойндүн” (номын долоон дүр үзэгдэл) хэмээх 7-н зүйлийг суудалд баримтлах ёстой.
1. Очирт завилгаагаар сууна.
2. “Хоёр гараа тэгш агуулах мутар” буюу Баруун гарын алгаа дээр нь, зүүн гарын алгаа доор нь тавьж зөрүүлээд хоёр эрхий хуруугаа нийлүүлж , гараа хүйснээс доош дөрвөн хуруу зайд тэгш байрлуулна.
3. Нуруу цэх шулуун байна
4. Мөрөө тэгш байлгана
5. Толгой тэгшхэн бөгөөд хүзүүг бага зэрэг гудайлгана.
6. Хэлийг байранд нь сулхан байлгах буюу эсвэл хэлээ дээш тагнайд хүргэж болно
7. Харц эгц харсан байх ба эсвэл нүдээ хөнгөхөн аньсан байж болно.
Биеийг тэгш шулуун байлгах нь нэн чухал ба учир нь зүүн тийш хазайваас уурын, баруун тийш хазайвал хүсэл тачаалын, бөхийн сууваас мунхагийн, гэдийвээс омог сэтгэл тус тус төрдөг гэж үздэг.
Бясалгаж буй явцад оюун ухаан хэт их мэдэмхий, ширvvн догшин хvсэл шунал төрvvлдэг зvйлээ бодож эхлэх бол энэ нь догширох шинж гэсэн vг, харин назгайрах, бясалгаж буй зvйлээ мартах сэтгэл унтамхай, байдал нь бодол санааны живэхийн шинж бөгөөд энэ хоёр туйлыг тэвчих хэрэгтэй.

Харин эцсийн үр дvн бол ерөөсөө амьдралын утга учрийг бүрэн дүүрэн танин мэдэж, төгс гэгээрэх буюу хоосон чанарыг таних явдал юм.

Хоосон чанарыг бясалгахуй

Бид яагаад зовдог вэ? Яагаад гэвэл юмс үзэгдлийн оршихуйн туйлын мөн чанар буюу юмс хоосон , нэр төдий оршдогийн хоосон чанарыг хараахан оноогүй учраас тэр. Бодит байдлыг бид ойлгоогүй байна. Зовлонгийн үнэн хийгээд хамаг хорт сэтгэл, үйлийн үрийн ёзоорыг таслагч билиг ухааныг нээж олоогүй байна. Мунхаглал буюу үл мэдэхүйг үгүй болгоогүй байна. Тиймээс зовсоор байгаа юм. Жишээ нь, хонх гэж юу вэ? (эсвэл таны харж байгаа ямар нэгэн зүйл байж болно) Сэтгэлээс урган гарсан нэрнээс өөр юу ч биш. Гэвч бидний сэтгэл аливааг мөн чанартай гэдэг үзэлд баригдсан байдаг. Бид хонх гэж жингэнэн дуугарах үүрэгтэй, хонх гэж нэрийг сэтгэлээр бүтээх даруйд, хонхыг өөрийн мөн чанартай оршиж буй мэтээр хуурамч тусгаж авдаг. Хонх ч бай ямар ч зүйл байлаа гэсэн та алиныг нь ч сэтгэлээр нэрлэх тэр мөчид сэтгэлийн муу ул мөрүүд нь оршихуйн хуурамч чимэг гэрлийг тусгадаг. Бидний харж байгаа бүхэн зөвхөн сэтгэлээс урган гарсан гэдгийг бид мэдэхгүй эсвэл мартаад байгаагаа бид өөрсдөө ч мэддэггүй. Энэ бүхний хөгжилд ерөнхий 3 зүйл байна. Эхлээд тухайн нэг зүйлийг бидний сэтгэл нэрийдэх төдий болдог. 2-т юмсыг мөн чанартай гэдэг буруу муу дадлууд бидний одоо харж байгаа зүйлийг гадаад үзэгдэх байдлаар нь мөн чанартай болгон тусгадаг, сэтгэлийн чанартай хонх биш, хонхны мөн чанартай хонх байна гэж үздэг. 3-т бидний сэтгэл энэ тусгал 100 хувь үнэн гэдэгт итгэсэн байдаг. Сэтгэлдээ ингэж хонхыг үзэх нь жинхэнээсээ хонх энэ байна, бодитой оршдог гэж үзэхэд хүргэсэн байна. Энэ бол мунхаглал. Энэ мөчид бид сэтгэлээ үл мэдэгч, мунхаг болж байна. Бодит байдал нь мөн чанараас огт хоосон хонхны жинхэнэ оршихуйн чанарыг үл мэдэж байна. Оршиж байгаа нь зөвхөн нэр төдий юм. Хонх өөрийн мөн чанараас огт хоосон бөгөөд зөвхөн нэр төдий оршдог. Үүнийг мэдэхгүй байна гэдэг сэтгэлээ хэрхэн мунхруулдгийн жишээ.

Хуурмаг үзэгдэл

Хонхыг дээрх байдлаар тайлбарласан нь бусад бүх зүйлд хамаатай. Би болон өөрийгоөө хэрхэн ойлгодгоос эхлээд бүх зүйлд хонхыг хэрхэн үзсэн шигээ хуурамч буруу үзлээр ханддаг. Бидний харж байгаа хонх бол олон зүйлийн нийлбэрээр бүтсэн өөр нэг зүйл байдаг. Ийм байдлаар нүдний мэдрэхүйд туссан аливаа хэлбэр дүрсийг буруугаар таниж мэддэг. Жинхэнэ оршин буй ертөнц бидний ертөнцоос огт өөр байдаг. Харж байгаа бүх зүйл маань хуурамч үзэгдлээр хучуулсан байдаг. Дуу чимээ мөн адил мөн чанартай бус зөвхөн нэр төдий оршдог. Бүх мэдрэхүйд баригдах зүйлс тухайн харгалзсан суурийг сэтгэлээс урган гарсан нэрээр нэрлэсэн төдий оршдог. Хоосон чанарыг оносон билиг ухааныг төлөвшүүлээгүй цагт юмсын жинхэнэ байдал, орших байдлыг таниж чадахгуй. Тааралдаж буй бухэн чинь өөрийн гэсэн чанаргүй, хуурамч үзэгдлээр хучуулсан жинхэнэ оршиж байгаа зүйлс биш гэдэгт сэтгэлээ дадуулах нь, хуурамч үзэгдэл бүрийг хуурамч узэгдэл гэж сэтгэлээ дадуулан бясалгасаны үр дунд хоосон чанарыг ойлгоно. Ингэж чадвал сэтгэлээ улам мунхруулахыг зогсоож чадна. Зовлонт бүх төрлүүдийн шалтгаан болдог үйлийн үрийг өдөөдөг муу бодол, хорт сэтгэл, шунал гэх мэт ямар ч тусгүй , бусдыг хорлох үйлийн суурийг байнга бий болгохыг зогсооно. Буддын гүн ухаан бүх үзэгдэл юмс, үйлийг сэтгэлийн чанартай гэж тайлбарладаг.

Сэтгэл бол нэг ухагдахуун. Сэтгэл нь хатуу бус, хэлбэр дүрс өнгөгүй боловч толь мэт гаднах зүйлсийг тусгадаг. Юмс сэтгэлд үзэгдэж, сэтгэл тэдгээрийг танин мэддэг. Сэтгэл хэмээх ухагдахуун нь бас л юмс үзэгдлийг тусган, танин мэдэж байдаг. Бидний бодол үүнд сэтгэл гэдэг нэрийг бүтээн нэрлэн түүнд итгэж байдгаас сэтгэл оршиж байгаа гэж бид үздэг. Сэтгэл ч бас нэр төдий оршдог. Бидний сэтгэл гэж нэрлэдэг зүйл зөвхөн бодлоос нэр төдий төрөн гарсан юм. Хүнд нэр өгч байгаатай адил. Сэтгэл мөн чанартай хэмээн энэ үзэгдэлд 100% эргэлзэлгүй итгэдэг ба хэрвээ шинжилж үзвэл таны эцэг эх, тэдний сэтгэлээс урган гарсан нэрээр таныг дуудаж байгаа нэрнээс ямар ч ялгаа байхгүй байна.

Буддын шашныг амьдралтай холбоогүй байна гэсэн олон шүүмжлэл хүлээж авсан тул бидний амьдралдаа олонтаа тааралддаг, хардаг зүйлийн нэг болох лам ном унших, засал зэрэг нь хүний сэтгэлд хэрхэн нөлөөлдөг талаар өөрсдийн бодлыг товчхон хүргэе.

Орчин цагийн Монгол дахь Буддизм буюу Ламаизмыг хувьд сүүлийн жилүүдэд шүүмжлэлд ихээхэн өртөж байгаа билээ. Бид нэгдүгээр шатны материалдаа Ламайзмын үүсэл гарлын талаар хангалттай бичсэн бөгөөд Буддагийн сургасан сургаалиас нэлээд гажих болсон мухар сүсгийн шинжтэй болсон талаархи түүхэн нөхцөл байдлыг дурьдсан билээ. Ийм энэ талаар одоо ярих нь илүүц бизээ.
Одоогийн нийгэм дэхь лам нар ном унших засал хийх үүнийхээ төлөө мөнгө авах гэх мэтийн бусармаг үзэгдэл ч зөндөө. Гэхдээ энэ бол буддизмын угт ухагдахуун гэж буруугаар ойлгож болохгүй юм. Энэ бол тухайн нийгмийн хэрэгцээний улмаас үүсэн гарсан нэг төрлийн гажуудал юм. Монголчууд бид бүхэн буддын шашин шүтдэг гэдэг атлаа хэзээ ч энэ шашны философи үндсэн санааг анхаарч судалдаггүй атлаа, өөрт тохиолдсон зовлон бэрхшээлийг давж гарах арга зам нь хийдэд очиж зохих номыг нь уншуулах гэж ойлгодог. Энэ бол Монгол хүний хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээний л үр дүн. Хэрэв нийгэм өөрөө илүү ихийг шаардаж эхэлвэл энэ гаж үзэгдэл алга болно. Нийт масс гүрэм ном уншуулж амьдралаа тэгшитгэнэ гэсэн бодолтой хэвээр байх юм бол ирээдүйд ч энэ үзэгдэл байсаар л байх болно. Энэ бүхнийг энэ шашинг шүтэгсэд нэртэй мухар сүсэгтнүүд л өөрсдөө үүсгээд байгаа билээ.
Нөгөөтэйгүүр засал гүрэм гэдэг нь зүгээр л хэн нэг хүнийг мунхруулах үйлдэл үү? Бас шууд ингээд ойлгочихож болохгүй мэт. Бидний бодлоор засал гүрэм тарни унших гэдэг нь нэг төрлийн сэтгэлзүйн хичээл мэт. Ном гүрэмүүд нь тухайн хүнд итгэл өгөх зорилготой сайн сайхан үгсийн цоморлиг гэж хэлж болно. Бидний төвдөөр сонсдог өнөөх ном уншлага маань тухайн асуудалд орсон хүнд итгэл өгөхөд зориулагдсан үгс л байдаг билээ. Ерөнхийдөө бол сэтгэлзүйчдийн зөвлөгөөтэй дүйж очих хэмжээний ойлголт гэж хэлж болно. Тарни номоор дамжуулан хүний бодлыг сайн зүйл рүү хандуулж байна гэсэн үг юм. Жишээ нь, хэн нэг нь бизнес эхлэлээ гэж бодьё, тэгээд лам дээр очоод ном уншуулахад тэр хүний ажил нь тодорхой хэмжээгээр амжилттай байх магадлал ихтэй, учир нь тэр хүн үнэхээр чин сэтгэлээсээ сүсэглэж чадсан бол энэ ном уншуулсан үйлдэл нь түүнийг өөртөө урьд өмнөхөөс хамаагүй илүү итгэлтэй болгоно. Өөртөө итгэлтэй болох буюу миний ажил бүтнэ гэсэн эерэг бодол нь мэдээж түүний ажилд, амжилтанд хүрэхэд чухал нөлөө үзүүлнэ. Хүний бодол санаа, сэтгэл тухайн хүнд маш ихээр нөлөөлдөг, ийм ч учраас муу бодлоос өөрийгээ ангижруулах буюу сэтгэлээ цэвэрлэхэд бидний дээр дурьдсан бясалгал тусалдаг. Хүмүүс ном уншуулчихвал л болно гэж боддог, өөрөөр хэлбэл өөрийн хийх ёстой ажлаа ламд, номд даатгаж байна гэсэн үг, манайхны ихэнх нь ийм мухар сүсэгтэй буюу бэлэнчлэх сэтгэлгээтэй байдаг нь тун харамсалтай. Үнэхээр чадалтай, гоц гойд эктрасеансуудыг эс тооцвол бидний амьдралыг биднээс өөр хэн ч өөрчилж чадахгүй, хүн өөрөө өөртөө л эзэн... “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж Монгол ардын сайхан зүйр үг ч байдаг.
Шашин бүхний санааг нэгтгэн дүгнэвэл ёс суртахуунлаг бие хүнийг бэлдэх нийгмийн ёс суртахууний хэм хэмжээг тогтоож өгөхөд чиглэгдсэн сурган хүмүүжүүлэх нэг төрлийн арга барил байдаг. Мэдээж энэ арга замууд нь өөр өөр, үүгээрээ л дэлхий дээрхи шашинууд ялгарч байдаг. Буддын шашны бусад шашнаас ялгарах гол давуу тал нь аливаа нэг сургааль номыг ягштал мөрдсөн, програмччлагдсан аятай хүмүүсийн нийгмийг төлөвшүүлэхэд бус хүн өөрийнхөө зүтгэл чармайлтаар өөрөө өөрийнхөө дотор байгаа сайн чанаруудыг олж нээн өөрийн зам мөрийг хөөхөд чиглэгддэгээрээ эрс ялгаатай юм. Буддизм нь хэзээ ч бусад шашинг шүтсэн хүмүүс буруу номтонууд тэд тамын гэсгээл үзэж харин манай шашинг дагасан бүхэн диваажинд жаргана гэж байсангүй. Буддизм хэзээ ч бусдыг үгүйсгэж өөрийгөө тулган хүлээлгэж байсангүй. Буддизм зөвхөн таньд зөв амьдрах арга замыг зааж таний амьдралд туслахыг л хичээж ирсэн. Үүгээрээ ч буддизм бол хамгийн хүнлэг хүн төвтэй шашин юм. Хэн нэгэн хараагүй үзээгүй тэнгэр дэх бурхадад мөргөхийг шаардаж байсангүй, та зөв зам мөрөөр амьдарч чадвал та өөрөө бурхан хэмээн үзсэн үзэл нь гайхалтай юм. Үнэхээр ч тийм биш гэж үү?


бичсэн: Friska | уншсан: 402 удаа | төрөл: Шашин
(6) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

инээх
бичсэн хаха (зочин) цаг: 19:52, 2011-04-11 | Холбоос | |
hmm yasan nurhsuu bas oilgohod.... za za bi bichvel enenees doloon dor bichih baih ..... sain bichsen bnaa gej . enenii chin tuluu chamd negen tsatsal urgumoi. kekek
бичсэн Зочин цаг: 09:48, 2009-02-06 | Холбоос | |
жаргал үгүй, зовлон үгүй big grin

тухайн үедээ тэмцээн гээл юм юм л уншаад яваад байсан бүүр толгой эргэчдийм байлээ...авахыг нь хаяхыг нь хаяад, ойлгох хэмжээндээ ойлгоод ойлгохгүйг нь гайхаад хаясан даа...одоо ч Буддизм Христийн шашнаас нээх ялгарахааргүй болжээ.Баясум-н хувьд үгүйсгэл гэж харагдаж байгаа зүйл миний хувьд үнэн байх боломжтой..хүн хүн өөрийнхөөрөө. Ингээл харьцангуй tongue
бичсэн Friska цаг: 16:46, 2008-05-17 | Холбоос | |
Жаргах нь үнэн
Жаргалын шалтгаан нь үнэн
Жаргах арга зам нь үнэн
Хүүгийн 3 үнэний сургааль :p
бичсэн xvv цаг: 13:38, 2008-05-17 | Холбоос | |
шоколад амтлах, симфони сонсох, үзэсгэлэнт байгалийг ширтэх, цэцэг үнэрлэх, эмэгтэй хүний биенд хүрэх, энэ бүгд зовлон. 5 мэдрэхүй бол зовлонгийн үндэс, хүсэх нь зовлон, хүссэн зүйлдээ тэмүүлэх нь зовлон, хүссэндээ хүрсэн нь зовлон.. эцсийн эцэст үхнэ, хоосон чанартай...(гэгээрэхийсан гээд хүсээд тэмүүлээд байгаа нь зовлон мөн үү?)
би өөрөө оптимист хүн болохоор ийм үзэл нэг л биш санагдаад байдын. надад бол хүсэх нь жаргал, хүссэн зүйлдээ тэмүүлэх нь жаргал, хүссэндээ хүрэх нь жаргал, эмэгтэй хүнийг хайрлах нь жаргал, гэр бүлээ бүтээх нь жаргал, хүн бол аз жаргалын дэлхийд байна л гэж боддог доо..
бүх зүйл хоорондоо хамааралтай энэ ертөнцөд үйлийн үр энгийн л ойлголт.
Бясалгалын хувьд буддын шашнаас өмнө ч байсан зүйл, арга хэрэгсэл гэдэг утгаар нь ойлгодог доо
буддын шашин бусдыг үгүйсгэдэггүй гэжээ.. дээрхийг уншаад надад тэгж санагдсангүй..
бичсэн bayasum цаг: 12:06, 2008-05-17 | Холбоос | |
энд шашнаас гадна бурхан гэдэг үгний ойлголт зөрөөтэй байх шиг.. Буддын шашны Бурхан гэдэг ойлголт христын God гэдэг үгээс ялгаатай.
бичсэн bayasum цаг: 11:38, 2008-05-17 | Холбоос | |



:-)